Hand Mockup

Жирэмсэн үед хөхний арчилгаа яагаад чухал вэ? 

Жирэмсний хугацаанд гормоны өөрчлөлтөөр хөх томорч, хөхний толгой мэдрэмтгий болох, уураг ялгарах зэрэг олон өөрчлөлт явагддаг. Тиймээс өдөр тутмын хөнгөн арчилгаа нь:

  • Хөхний арьсыг эрүүл байлгах
  • Хөхний толгой гэмтэхээс сэргийлэх
  • Ирээдүйд хөхөөр хооллох үед үүсдэг хагарал, өвдөлтөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг

Хөхний арчилгаа хийж хэвших

Хөхний арьс болон толгойг бүлээн усаар зөөлөн угаана. Саван нь хэт хуурайшуулах, хамгаалалтын давхаргыг алдагдуулах магадлалтай тул хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Хэрвээ уураг ялгарч байвал цэвэрхэн, хуурай зөөлөн алчуураар арчиж, хөвөн даавуун хөхөвч өмсөөрэй.

Зөв хөхөвч сонгох

Хөх томорч, жин нэмэгдэх тул жирэмсэн эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан суналттай, уян, хатуулгагүй хөхөвч сонгох хэрэгтэй. Хэт бариу, төмөртэй хөхөвч нь цусны эргэлтийг хааж, сүүний булчирхайг дарах аюултай. Өдөрт нэгээс олон удаа сольж, ариун цэвэр сайн хангах нь чухал.

Арьс хуурайшиж, загатнах үед

Хөх томрох тусам арьс сунаж, загатнах мэдрэмж төрж болох ба энэ үед чийгшүүлэгч тос, энгийн биеийн тос түрхэж болно. Хөхний толгой хэсэгт тос түрхэх бол хөхүүлэх үед хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй найрлага ашиглах хэрэгтэй. (жишээ нь: ланолин агуулсан тос)

Хөхний толгойны хагарал, өвдөлтөөс урьдчилан сэргийлэх

Зарим эмэгтэйд хөхний толгой хонхор, хавтгай байдаг нь хөхүүлэхэд хүндрэл учруулдаг.сТиймээс жирэмсний сүүлийн саруудад хөнгөн массажлах аргаар хөхний толгойг гаргах шаардлагатай.  Хэрэв хөхнөөс уураг эрт гарч, хөхний толгой байнга чийгтэй байвал хагарч болзошгүй тул зөөлөн алчуур арчиж  үргэлж хуурай байлгах нь зүйтэй.

Хэзээ эмчид хандах вэ?

  • Хөхөнд бөглөрөл, улайлт, хөндүүрлэл мэдрэгдвэл
  • Хөхний арьсанд гүвдрүү, тууралт гарсан бол
  • Хөхний толгойноос цустай эсвэл ногоон шүүрэл гарч байвал эмчид үзүүлж, халдвар эсвэл өөр эмгэгийг үгүйсгэх шаардлагатай.

Хөхний эрүүл ахуй нь зөвхөн гадаад гоо сайхан бус, хөхөөр хооллох бэлтгэлийг хангах чухал алхам юм. Та хөхөө эрүүл, цэвэрхэн, хуурай байлгаснаар төрсний дараа хүүхдээ сайн хөхүүлэх эхний алхмаа хийж байна гэсэн үг.

  • 80034493, 95224499
  • Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Sky Town

© 2018 - 2019 White Mountain llc. ALL RIGHTS RESERVED