Hand Mockup

Миний хүүхэд намайг сонсож байгаа болов уу?

Ихэнхи ээжүүд хүүхдээ гэдсэнд байх үед  нь ярилцдаг. Зарим ээжүүд бүүвэйн дуу дуулж , зарим нь үлгэр уншиж өгдөг бол нөгөө хэсэг нь хүүхдийнхээ тархины хөгжлийг сайжруулахын тулд сонгодог хөгжим сонсгодог.  

Гэхдээ ураг яг хэзээнээс гадна болон дотоод орчны дууг сонсож эхэлдэг вэ?  

Жирэмсний хоёр дах сараас эхлэн ургийн чих, нүдний хөгжил явагдаж эхэлдэг.  18 дахь долоо хоногоос ураг хамгийн анхны дуу чимээг сонсож эхэлнэ.  Эдгээр чимээнүүд нь таны төдийлөн анзаараад байхгүй амьсгалах, ходоодны чичиргээ зэрэг дотоод эрхтний гаргаж буй чимээнүүд юм.  Дараагийн хэдэн долоо хоногт хүүхдийн сонсгол илүү сайн хөгжих ба гадаад орчны чимээг сонсож эхэлдэг. 24 дахь долоо хоногтойгоос дуу чимээ гарсан зүгийг мэддэг болох ба төрөх хүртэл сонсгол нь сайжирсаар байдаг.

Хүүхдэд гадаад орчны дуу, чимээ яаж сонсогддог вэ?

Та толгойгоо усанд дүрээд гадаад орчны дуу чимээг сонсоод үзвэл хүүхдээ хэрхэн сонсож байгааг ойлгоход арай дөхөм байх. Таны хүүхэд таны хэвлийд,  эхэс дотор, ургийн усанд байгаа гэдгийг санаарай. Тийм болохоор сонсголын эрхтэн бүрэн хөгжсөн ч гэсэн гадна орчны дуу хоолой сул сонсогддог.  Та алгаараа амаа дараад хэн нэгэнтэй ярилцаад үзээрэй. Таныг хэр сайн ойлгож байна  вэ?  Эсвэл дуу дуулж ч болох юм. Таны дууны үг мэдэгдэхгүй ч дууны ая, хэмнэл харин сайн сонсогдож байгаатай адил урагт ч мөн адил тэгж сонсогдно. 

Ээжийнхээ дуу хоолойг хамгийн тод сонсдог

Урагт хамгийн тод сонсогддог дуу бол ээжийнх нь дуу хоолой юм. Ихэнхи дуу хоолой агаараар дамжин тархдаг бол жирэмсэн эмэгтэй ярих үед дуу хоолой нь бие махбодь ялангуяа ясаар дамжин урагт илүү тод сонсогддог байна.  Зарим судалгаагаар ээж нь ярих үед ургийн зүрхний хэмнэл нэмэгддэгийг тогтоосон байна. Тиймээс хүүхэдтэйгээ ярилцаж, дуу дуулж  өгснөөр таны дуу хоолойг илүү сайн таньдаг болно.  Гэхдээ аавууд ч гэсэн хүүхэдтэйгээ ярилцах, дуу дуулах, үлгэр унших зэргээр өөрийнхөө дуу хоолойгоор хүүхэдтэйгээ холбогдож болно.

Сонгодог хөгжим сонсгох хэрэгтэй юу?

Жирэмсэн үедээ урагт сонгодог хөгжим сонсгох нь ургийн IQ нэмэгдүүлдэг талаар та сонссон байх. Гэхдээ шинжлэх ухаанаар энэ нь нотлогдоогүй юм. Гэвч хүүхэддээ сонгодог хөгжим сонсгоход буруудах зүйл байхгүй ба хүүхдийн сонсгол, мэдрэмжинд сайнаар нөлөөлж болно.

  • 80034493, 95224499
  • Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Sky Town

© 2018 - 2019 White Mountain llc. ALL RIGHTS RESERVED