Агаар бол хүүхдийг чийрэгжүүлэх үнэгүй бөгөөд хүртээмжтэй, үр дүнтэй арга юм. Хүүхдийг дулаан байранд түр хугацаагаар нүцгэн байлгаж агаараар чийрэгжүүлж эхэлдэг. Амьдралын эхний өдрөөс хуурайлах бүрд 1-3 минут нярайг нүцгэлснээр хүүхдийн бие махбодид нөлөөлж чийрэгжүүлж эхэлдэг. Цаашид хуурайлахдаа хугацааг аажим нэмэгдүүлснээр 10-15 минут нүцгэн байлгаж тарвалзуулна. Хүүхдийг ойнд хүртэл агаараар чийрэгжүүлэх хугацааг 30 минут хүртэл, 1-ээс дээш насанд 2-3 хоног тутамд 5 минутаар уртасгасаар 60 минутад хүргэнэ. Зуны улиралд илүү удаан хугацаагаар нүцгэн байлгаж болно.
Агаараар чийрэгжүүлэхдээ өрөөний дулаан нярайд 20-22 хэм, 2-6 сар хүртэл 19-20 хэм, 6 сараас дээш 1 нас хүртэл 18-19 хэм байхаар зохицуулна. Энэ маягаар өрөөний дулааны хэмийг бууруулж хүүхэд 3 нас хүрэхэд 15-16 хэмд хүргэх ба хүүхэд сэрүүнд дасаж цочрохоо больдог.
Зуны улиралд 1 долоо хоногтойгоос, өвлийн улиралд 3-4 долоо хоногтойгоос эхлэн гадаа агаарт гаргах нь зүйтэй. Хүүхдийг 1-3 сартайд нь - 10, 4-6 сартайд нь - 12, 6-12 сартайд нь -15 хэмийн хүйтэнд гадаа гарган салхилуулж болно. Нярай хүүхдийг өдөрт 3-5 минутаар эхэлж аажим уртасгасаар 30-45 минут болгох нь тохиромжтой. Гадаа агаарт гарах хугацааг 10-15-20 минутаар нэмэгдүүлсээр 1-2 цагт хүргэнэ. Хүйтэн сэрүүний улиралд өдөрт 2-3 удаа богино хугацаагаар гаргах хэрэгтэй. Харин гадаа 15-18 хэмээс доош хүйтэн нөхцөлд гадаа гаргаж хэрэггүй. Гадаа хүйтэрч, гарч болохгүй болсон үед өрөөний салхивчыг нээж агааржуулж байх шаардлагатай. Хүүхдийг салхинд гаргахын өмнө хамрыг цэвэрлэж, амьсгалыг чөлөөтэй болгох хэрэгтэй.