Аарцаг яс орчим өвдөх шалтгаан
Аарцагны яс орчим (аарцаг заадлаараа салах гэж байгаа мэт), умдаг салтаа хэсэгт хүчтэй өвдөхийг симфизит гэж нэрлэдэг байна. Энэхүү өвдөлт нь жирийн үед аарцагны яснуудыг хөдөлгөөнгүй барьж байдаг умдагны үеийн холбоосууд жирэмсний сүүлийн саруудад төрөлтөнд бэлтгэж сунаж суларсантай холбоотой илэрдэг. Мөн аарцаг ясны холбоос чөлөөтэй хөдлөхөө больсноос болж бусад үений холбоосуудад саад учруулж өвдөж мэдрэгддэг.
Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 25% орчимд нь тохиолддог ч ихэнх нь эмчид хандаж эрүүл мэндийн тусламж авдаггүй.
Өвдөлтийн онцлог
- Аарцаг яс заадлаараа салах гэж буй мэт чангааж өвдөх
- Өвдөлт умдагны дээд хэсэгт мэдрэгдэх
- Алхах, хүнд зүйл өргөх, нэг хөлөө өргөх, шатаар гарах, хувцсаа солих, машинаас буух, орондоо эргэж хөрвөөхөд өвдөлт нэмэгддэг.
Ховор тохиолдолд аарцаг ясны холбоос хоёр тийш ангайснаар умдаг, ташаа, өгзөг, цавиар илүү ноцтой өвдөлт мэдрэгддэг.
Та ямар арга хэмжээ авах ёстой вэ?
- Юм өргөх, хөлөө 2 тийш салгах хөдөлгөөнийг багасгаж хөлөндөө ачаалал өгөхөөс зайлсхийгээрэй.
- Хүнд хэцүү байвал алхахаа багасгаж уян хатан хэвтрийн дэглэм барих нь дээр байж магадгүй.
- Аарцагны даруулга зүүж болно.
- Аарцагны дасгал болон Кегелийн дасгал хийж аарцгийн булчинг чангалж болно.
- Физик эмчилгээ, бариа засал, зүү эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй. Эдгээр эмчилгээг эмчтэйгээ сайн зөвлөлдөөрэй.
- Хяналтын эмчээрээ жирэмсэн үед урагт нөлөөлөхгүй өвчин намдаах эм бичүүлж уугаарай.
Аарцагны холбоос сулраснаас үүсэх хүндрэл
- Ховор тохиолдолд кесар хагалгаагаар төрөх заалт болдог
- Мөн ховор тохиолдолд төрөлтийн дараа зовиур улам ихсэж хагалгаанд орох шаардлагатай болдог.
Гэхдээ дээрх шинж тэмдэг илэрч байсан ихэнх эмэгтэйчүүдэд хүүхэд төрсний дараа үений холбоосуудыг сулруулах дааврын ялгаралт зогсож бүх зүйл хэвийн байрлалдаа ордог байна.
Эх сурвалж: "Тулгар биетэй байх үед юу тулгарах вэ?" ном
Зохиолч: Хайди Мюркофф, орчуулсан Т.Аззаяа, Монсудар хэвлэлийн газар